Wednesday, August 25, 2010

Э.Лхагва "Санамсаргүй шийдвэрүүд амьдралд өнгө нэмдэг"

“Хүмүүс хэрэгтэй мэдээллээ авч, оюунаа цэнэглэх гэж цаг, мөнгөө зориулаад сонин уншдаг. Гэтэл миний ярилцлага бусдын цагаас хулгайлсан, хэрэггүй зүйл болж хувирахвий гэхээс би эмээж байна. Өөрийгөө ярилцлага өгөх хэмжээнд хүртэл хийж бүтээсэн зүйлтэй хүн гэж боддоггүй” хэмээн надтай ярилцахаас эрс татгалзсан энэ хүнийг Эрдэнийн Лхагва гэдэг. Тэрбээр бидэнтэй адил хийж бүтээх хүслээр оргилж яваа залуу хүн. Юутай ч бид ийн ярилцлаа.
-Чамайг хүмүүс “UBS-MUSIC” хөгжмийн хөтөлбөрийг англи хэлээр эх хэлнээсээ дутахгүй хөтөлдөг чадварлаг хөтөлдөг гэдгээр нь хүмүүс мэднэ. Яагаад энэ ажлыг хийх болсон бэ?
-Зорьж очоогүй, санамсаргүй тохиолдлоор энэ ажлыг хийж эхэлсэн. Уг нь миний оронд манай эгчид энэ нэвтрүүлгийн хөтлөгчийн ажлыг санал болгосон юм. Эгч маань хөтлөгч хийхээсээ татгалзсан тул цуг явсан намайг Чимгээ захирал шалгаж ажилд авсан. Тэгээд л 2005 оноос өнөөдрийг хүртэл энэ хамт олонтойгоо байна даа. Цаашдаа ч үргэлжлүүлэн хөгжмийн талаар ярина.
-Эх хэлээрээ биш англиар нэвтрүүлэг хөтлөх чиний хувьд хэр хүндрэлтэй байдаг вэ. Анхны эфирт гарахдаа хэр догдолж, сандарч байв. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Би “Cartoon network”, “MTV-Asia” сувгуудыг үзэж англи хэлний мэдлэгээ илүү сайжруулсан гэж боддог. Америкийн New Hampshire мужийн ахлах сургуулийг дүүргэсэн. Анхнаасаа англиар хөтөлсөн учир нэг их бэрхшээл гараагүй. Ер нь бол эх хэлээрээ хөтлөхөөс илүү амар санагддаг. Анхны эфир төрсөн өдрөөр маань цацагдаж байсанийг маш сайн санадаг. Бараг тэр нэвтрүүлгийг л бүтэн сууж үзсэн байх, хөтлөлтөн дээр түгдэрч, гацсан тал цөөнгүй байсан учир үзэхэд их хэцүү байсан.
-Чи өөрийгөө хөгжимтэй зүйрлэвэл ямар урсгал чиглэлийнх бол?
-Би хип хоп хөгжмийг бусад урсгалаас илүү сонсдог. Хэмнэл аялгуун дээрх яруу найраг бол хип хоп хөгжим. Түүнээс бүх зүйлийг мэдэрч болох ч би өөрөө R&B хөгжим байх аа (инээв).
-Хөгжмийн нэвтрүүлэг хөтлөхийн сайхан нь юунд оршдог юм бэ?
- Хөгжмөөс мэдэрдэг мэдрэмжээ бусдад мэдрүүлэх л хамгийн сайхан зүйл нь юм болов уу. Би анх өөрийнхөө хүссэнийг биш, олонхийг дагаж нэвтрүүлгээ бэлддэг байлаа. Гэтэл дараа нь уран бүтээлчдээс, үзэгчдээс санал, шүүмжлэл ирдэг болсон л доо. Хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж буй хүн шинэ бүхний тэргүүний сонсогч байх ёстой. Үзэгч, сонсогчид юу таашаахаа шийднэ.
Нэвтрүүлгийг үзэх гэж цаг зориулдаг хүмүүст сайн, сайхан хөгжим сонсгож, хэрэгтэй мэдээллийг нь хүргэж чадахгүй бол нэвтрүүлэг бэлдэх шаардлагагүй гэж би боддог. Өөрийнхөө цагийг хэрэггүй зүйлд зарцууулахыг хүсдэггүйтэй адил бусдын цагийг ч дэмий юманд үрье гэж боддоггүй. Үзэгч, уншигч, хэрэглэгчдээ өөрийнхөө оронд тавьж үзэх хэрэгтэй.
-Чиний яриаг сонссон чинь“Өөрийгөө хүндэлж гэмээнэ, бусдаар хүндлүүлнэ” гэдэг үг санаанд орлоо л доо. Хүндлэлийг өөрийнхөөрөө тодорхойлооч?
-Яг сая хэлсэнтэй чинь адил "Хүндлэлийг үзүүлж байж, олж авдаг" байх.
Олон нийтийн цахим хуудаснаа (Твиттер, Фэйсбүүк) амьдардаг болсон энэ үед хүндлэлээр л бүх харилцаа зохицуулагдана. Хэн нэгний үл хүндлэл, муу үйлдлийг гар утаснаасаа хэдхэн секундын дотор олон мянган хүнд мэдээлэх боломжтой болсон. Энэ нь ч хувь хүмүүсийн харилцааг илүү дотно зөөлөн болгож өгч байгаа гэсэн судалгаа саяхан харж байсан юм байна.
-Чамайг их сургуулиа бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн гэж сонссон. Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
-MIU сургуулийн олон улсын менежментийн ангийг төгссөн. Сүүлийн хоёр жил ХасБанкинд мэргэжлээрээ ажиллаж байна. Маркетингийн хэлтэсд мэргэжилтнээр ажиллаж байна.
-Ажил олгогчоо яаж сонгож байсан бэ? Яагаад ХасБанк гэж?
-Оюутан байхдаа нэгэн аялал жуулчлалын компаний хөтчийн сургалтанд суусан юм. “Англи хэлтэй бүхэн хөтөч хийж болно” гэсэн миний бодлыг тухайн сургалт өөрчилж байлаа. “Энэ сургалтанд суухгүйгээр яаж би эх орноо гадаадынханд танилцуулах талаар бодож чадсан байна аа” гэж өөрийгөө зэмлэсэн. Би тус компанид гурван зун дарааллан ажилласан. Leaving no trace буюу "Зөвхөн зураг л ав, хөлийнхөө мөрийг л үлдээ" филисофоор байгальд ханддаг ангийн аялалгүй компанид ажиллахад сэтгэлд өег байсан.
Ер нь их сургуулиа төгсөж буй залуус цалингаас илүү тухайн байгууллагынхаа удирдлагын баг, дотоод соёлтой танилцаж үзээсэй гэж хэлмээр санагддаг юм. Мөн эрхэм зорилгыг нь харж ажил олгогчоо сонгоосой. “Чи нэг том машины хөдөлгөгч эд анги болж байгаа гэдэгтэй итгэх хэрэгтэй.” ХасБанкны тухайд дээр хэлсэн бүх зүйл миний санаанд нийцсэн нийгмийн чиг баримжаатай байгууллага учир эргэлзэх зүйлгүй шийдвэрээ гаргасан.
-Маркетер Лхагваад хөтлөгч Лхагваа хэр тусалдаг бол?
-Маркетер хүнд өндөр мэдрэмж хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ салбар хэвлэл мэдээлэлтэй бүх талаараа холбогддог. Бидний үүрэг олон нийттэй харилцаж, хүмүүст сонголт хийхэд туслахын зэрэгцээ өөрийн байгууллага, бүтээгдэхүүнээ сурталчлах. Уран бүтээлчид ч бас нэг төрлийн маркетерууд. Зарим талаараа тэд өөрсдийн бүтээлийг бусдад түгээж, олон хүнд хүргэж борлуулж ажилладаг. Би уран бүтээлчидтэй байнга хамтран ажилладаг учраас хурдан ойлголцож, ажлын үр дүнд хүрч чаддаг л даа. Мөн ямар нэг арга хэмжээ зохиоход өмнөх нь туршлагууд маань хэрэг болдог.
-Залуучуудын ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?
-Би Ротаригийн олон улсын 3450 дүүргийн ротрактуудыг хариуцсан дэд зохицуулагчийн үүрэгт ажилтай. Нэг үгээр бол би Ротаракт.
-“Ротари” гэдэг олон улсын байгууллагыг мэдэх ч ротрактуудын талаар сонсож байгаагүй юм байна. Ротрактуудын талаар ярьж өгөөч?
-18-30 насны залуус өөртөө болон нийгэмдээ хөрөнгө оруулалт хийх хамгийн шилдэг сонголт бол Ротаракт клуб. “Ротари” хөдөлгөөний залуу үеийг ротаракт гэж хэлж болно. Бид долоо хоногтоо нэг уулзаж оройн хоол иддэг. Харин тэр уулзалтаас гарах үр дүн маш их. Ротарактууд уулзалтдаа хүндтэй зочин урьж цуг ярилцлага хийнэ мөн Хараацай, Эрдэм гээд асрамжийн газар олон дүү нартай. Тэдэндээ шаардлагатай зүйлсийг дүүргийн найзуудтайгаа хамжиж олох олон төсөл хэрэгжүүлдэг.
-Чи их завгүй байдаг юм шиг санагдсан. Чөлөөт цаг гарвал яаж өнгөрүүлдэг вэ?
-Найзуудтайгаа зугаална, бүжиглэнэ, хөл бөмбөг, сагс тоглоно. Гэртээ бол ном уншдаг. Би “завгүй” гэдэг үгэнд үнэхээр дургүй. Хүмүүс энэ үгээр өөрийнхөө дутуу дулимаг хийсэн ажлаа далдлах гэж эсвэл бусдад өөрийнхөө ажлыг илүү чухал гэж мэдрүүлэх гэж хэрэглэдэг ч юм шиг.
-Чи ямар Монголд, яаж амьдрахыг хүсдэг вэ? Тэр орчныг бүрдүүлэхийн төлөө залуусын зүгээс хийх зүйл юу байгаа бол?
-Гадны улсаас хамаарал багатай, ядуурал гэдэг үгийг түүхийн хичээл дээр л дурддаг, хүн бүр хийж бүтээснээ дэлхийн жишигт үнэлүүлдэг тийм Монголд тайван амьдралыг л хүсэж байна даа.
-Чи өөрийнхөө амьдралын зорилгоо олсон уу. Нууц биш бол бидэнтэй хуваалцаач?
-Хүн зорилготой амьдрах ёстой гэдэг ч эргээд бодоход санамсаргүй шийдвэрүүд амьдралыг илүү өнгөтэй болгосон байдаг. Эцэст нь зорилгодоо хүрээд уулын оргилоос бууж явахад төрдөг сэтгэгдэлтэй үлдвэл харамсалтай биш гэж үү? Байнгийн тэмүүлэлтэй байвал сайхан.
-Монголын залуучуудад ямар зүйл хийж бүтээх боломж бололцоо байна гэж чи харж байна. Тэдний сэтгэлийг сэргэтэл нэг сайхан магтаач?
-Монгол гэж онцолмооргүй байна. Бид дэлхийн бусад улсаас юугаараа ч илүү биш. Илүү гэж нэгнээ хөөргөхөө болих хэрэгтэй. Харин ч юугаараа дутна гэж хэмээн асуумаар санагддаг. Хүн бүрт өрсөлдөх чадвар, боломж эрх тэгш олгогддог ч хэн илүү хүссэн нь илүү зүйлд хүрдэг байх. Түүнээс хар, шар, намхан, өндөр гэлтгүй бүгд л адилхан шүү дээ. Дундаж насныхан бол “Х” үеийнхэн харин 80-аад оны суулээр мэндэлсэн хүүхдүүдийг дэлхий дахинд “У" үеийнхэн гэдэг. Биднийг юу хийж бүтээхийг шинжлэх ухаан томьёолж чадаагүй байгаа. Технологийн хөгжилтэй цуг өсөж торнисон энэ үеийнхэнд ямар нэгэн ажил онооход хамгийн түрүүнд толгойд нь "Энэ ажлыг технологи яаж хурдлуулж болох вэ?" гэсэн асуулт орж ирдэг. Хийж байгаа ажилдаа дуртай бидний үеийн залуус олон байхад аяндаа боломжууд өөрсдөө нээгдэнэ. Би алдаагүй уйтгартай амьдарч байсанаас туршлага хуримтлуулж байсан нь дээр гэж үздэг. Шинэ юм туршиж үзэх болон арай бүтээлч талаас нь юмыг харж, өөр өнцгөөс асуудалд хандах дуртай.


Тэрбээр долдугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богдын Хүйтний оргилд байгууллагынхаа далбааг мандуулаад иржээ. Хэдий энэ алхам анх удаа ууланд авирч буй түүнд маш их эрсдэлийг дагуулсан ч түүнээс илүү кайф, аз жаргалыг мэдрүүлсэн гэсэн. “Уулын оргил ойртох тусам байгалийн хүнд нөхцөл, элдэв саад бэрхшээл юу ч биш болж, орой дээр нь зогсохсон гэдэг хүсэл хүний сэтгэлийг эзэмддэг юм билээ. Дараа дараагийн оргил намайг хүлээж байгаа гэдэгт би итгэж байна. Төлөвлөгөөгөө ярьчихвал биелүүлэхэд амтгүй болдог гэдэг дээ" хэмээснээр бидний яриа өндөрлөсөн юм. Мөрөөдөл тань биелэх болтугай.



О.Цэнгэл

2010 оны 8-р сарын 25

Өнөөдөр сонин