Tuesday, October 26, 2010

Төгс биш нь үзэсгэлэнтэй

Дуунд дуртай "философич" блогноос өнөөдөр уншсан нийгмийн рекламны талаархи бичлэг бараг жилийн өмнө үзээд ихэд сэтгэл хөдлөж байсан видео роликыг буцаад толгойд минь тоглуулав. Нийгмийн тэр тусмаа гэр бүлийн үнэ цэнийг харуулсан аудио, видео бүтээлүүд манайд их ховор гэдгийг Хулан энд дэлгэрэнгүй бичсэн тул би та бүхнийг энэхүү Сингапур улсын нийгмийн хөгжил хариуцсан яамнаас гаргасан 3 минутын бүтээлд анхаарлаа хандуулахыг урьж байна. Нөхрийнхөө оршуулга дээр үг хэлж эхнэрийн энгийн бөгөөд үнэн үгийг та олж үзнэ.

 

Friday, October 22, 2010

Шүүмжлэл NO! Бүтээлч санаа YES Please?

Өнөөдөр улсын шинэчилсэн бүртгэлд ажлаасаа чөлөө авч хамрагдлаа. Улс даяар мөн Монгол улсын ЭСЯамдууд дээр дэлхий даяар явагдаж буй шинэчилсэн бүртгэл, хүн амын тооллогод иргэд идэвхи муутай оролцож байгааг сонсоод толгойд төрийн үйлчилгээг шүүмжлээд байдаг атлаа санаачлагыг нь өөрсдөө тааруухан дэмждэг шүү дээ гэж бодож байлаа.. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ажилладаг найзын маань Facebook status дээрээ хуваалцсан зүйлийг энд сийрүүлэн хүргэе!

Төрийн иргэдэд хүргэж буй үйлчилгээг тогтмол, бодит, хүртээмжтэй, чанартай, ил тод, үр ашигтай байлгахад иргэн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Тогтолцооны "алдааг" арилгахын тулд эцэс төгсгөлгүй "хашгирах" бус, эерэг хандлагад суурилсан бүтээлч хамтын ажиллагааг эхлүүлж үр дүнд нь хүрэхийн төлөө шантралгүй, зогсошгүй буцахгүй чин сэтгэлээсээ ажиллах нь иргэн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм. Бид өөрсдөө тогтолцооны хамгийн жижиг боловч хамгийн ЧУХАЛ нь. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлцгээе. Ч.Ундрам 

Thursday, October 21, 2010

Нэр төртэй явахад санах зарчмууд

Өчигдөр 10 дугаар сарын 20-ны өдөр Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр/Global Dignity Day байлаа. Энэ өдрийг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх бус 

зарчмуудыг нь амьдралын мөрдлөг болговол нэр тэртэй сайхан амьдарна гэдэгт би итгэж байна. 

 

-Аливаа зүйлд ялгаа гэж байдгийг хүлээн зөвшөөрөх
-Сайхан сэтгэлийг өвөрлөж явах
-Бусдад сайн санасан болгондоо өөрөөрөө бахархах
-Ирээдүйнхээ талаар сайн сайхныг мөрөөдөн зөгнөх
-Аливаад баярласан талархсанаа илэрхийлж байх
-Бусдыг уучилж өршөөх
-Бусдаас өр нэхэлгүй, үнэгүй зүйл өгч сурах
-Бусдад хор хохирол учруулахгүй гэмгүй явах
-Аливаа зүйлийг чөлөөтэй сэтгэн бодож байх
-Уур бухимдлаа барьж, асуудлыг тайван шийдвэрлэх
-Өөртөө итгэлтэй явах
-Чин сэтгэлээсээ аливааг хайрлах
-Ямар нэгэн зүйлийг маш сайн хийдэг, гарамгай байх
-Юу ч болсон итгэл найдварыг үргэлж өвөрлөх
-Үргэлж сайн сайхныг эрэлхийлэх
-Ерөтөнцийг таньж мэдэхэд нээлттэй байх
-Цуу яриаг дэгдээхгүй байж хурцатгахгүй байх
-Бусдын сайхан сэтгэлд хариу барьж байх
-Оюун ухааныг дээдлэх
-Бусдын сэтгэлд хүрсэн зүйл хийх
-Аливаа зүйлийг зөвөөр ойлгоход анхаарах
-Чин үнэнийг дээдлэх
-Шударга ялалтыг дээдлэх
-Энх тайвныг эрхэмлэх
-Үнэ цэнэтэй санааг эрчимтэй дэмжиж авах

 

Танд АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХАН бүхнийг хүсэн ерөөе!