Sunday, January 24, 2010
Эзэмшлийн зөрчилдөөн
Өдрийн сонин дээр 2010 оны 1 сарын 22 ний дугаарт (3407) нийтлэгдсэн Ж.Гангаагийн нийтлэлийг зочлох дуртай Хантулга-н блогоос уншаад энэ сэдэв дээр өөрийнхөө хошууг мөн нэмэрлэхээр шийдлээ.
Өөрийн эзэмшлийн зүйлээ булаалгасан хүн яавч зүгээр хараад суухгүй. Харин энэ тохиолдолд соёлын өв буюу соёлоо өөр улсын нэр дээр бүртгүүлж алдсан тул манайхан яахаа мэдэхгүй бухимдацгааж энд тэнд цухалдсан сэтгэгдэл бичиж онлайн гарын үсэг цуглуулахаас цааш хэтэрсэнгүй. Үндэсний ТВ-р Жанцанноров гуайн хэлсэн үгийг сонсож суухад Өвөрмонголд ч гэсэн энэ соёлын өв хадгалагдаж үлдсэн гэдгийг онцлон хэлж байсан. Цааш нь юу гэсэн юм бүү мэд. Мэдээ богино байдаг тул сэтгүүлч нь таслаад монтажласан байв. Арга ч үгүй дээ тус мэдээ монгол бичгийн сайхан бичигтэн тодруулсан талаар ба боломжийг алдалгүй халуун сэдвээр урлагийн томоохон төлөөлөгчийн бодлыг асуугаад авсан сэтгүүлчийн буруу гэж юу байхав. Дэлхийн соёлын өвийг 1972 оноос хойш бүртгэж байгаа бөгөөд манай улсаас Орхоны хөндийн соёлын өв болон Увс нуурын хотгор газрыг батласан байдаг бөгөөд хүлээлгэнд 9 байгалийн үзэсгэлэнт газрууд байгааг эндээс харж болно.
ТАСАМ төсөл буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-н судалгааны ажилд ивээн тэтгэгчээр ажиллах боломж олдоход би тухайн судалгааны багийн тайлангаас дэлхийн өнцөг буланд суурьшиж үлдсэн Монголчуудын талаар маш олон фактууд мэдэж авсан. Өвөрмонголчуудаас гадна Хятадад миний л мэдэхийн Дээд Монголчууд, Цастын Монголчууд гээд бидэнтэй ижил соёлын өвтэй хүмүүс амьдарч байна. Энэ тохиолдолд аль улс нь эзэмших вэ? гэдэг асуулт гарч ирж байна. UNESCO-д манай холбогдох яамнаас хүсэлт тавих хэрэгтэй. Энэ бол хэн түрүүлж бүртгүүлсэн нь эзэмших уралдаан биш. Дэлхийн газрын зураг дээр тус өв соёлыг одоо хүртэл хэрэглэж, хадгалж буй бүс нутаг үндэстэн ястанг нарийн харуулсан байдлаар шийдвэл зохистой санагдана. Эцэст нь хэлэхэд соёлын өвийг бүртгэх болсон UNESCO эрхэм зорилгод "Дэлхийн соёлын өв нь дэлхийн бүх хүмүүсийн өмч бөгөөд хаанахийн эзэмшлийнх вэ? гэдэг асуулт чухал биш юм" гэсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment