ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбооны гишүүд, ажиллагсдын хөдөлгөөний хомсдлыг багасгах, оюуны алжаалыг тайлах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хамт олонч, нөхөрсөг орчныг бүрдүүлэн байгаль, орчинтой танилцах, Монгол улсын хамгийн өндөр цэг болох Баян-Өлгийн аймаг дахь Алтай таван богд уулын Хүйтэний оргилд ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбооны тугийг мандуулах зорилготой Аялалын баг зорилго амжилттай биелүүлээд ирлээ.
Аялалын хөтөч:
Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Баярням, уулчин Н.Сүрэнжав
Аялалын баг:
Багийн ахлагч УБ бүсийн захирал Ж.Баатарболд
Багийн гишүүн Маркетингийн хэлтэсийн мэргэжилтэн Э.Лхагва
Багийн гишүүн Хассекьюрити ХХК-ийн хамгаалагч С.Гантуяа
Багийн гишүүн Бор-Өндөр Тооцооны төвийн харилцагчийн мэргэжилтэн Т.Энхтөгс
Багийн гишүүн Баянзүрх Тооцооны төвийн бүртгэл хяналтын ажилтан Б.Номин
Сайн дурын уулчин Сонгинохайрхан Тооцооны төвийн захирал Б.Оюун-Эрдэнэ
Сайн дурын уулчин Нарантуул Тооцооны төвийн харилцагчийн Д.Бат-Эрдэнэ
Аялал 2010 оны 7-р сарын 04-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Манай баг аялалын гараагаа Спортын төв ордонд зохион байгуулагдаж байсан Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн дээрээс эхлэн Монгол Улсын алс баруун хязгаарыг зорин дараах маршрутаар явсан.
УБ-Хархорин-Архангай-Тосонцэнгэл-Улиастай-Ховд-Өлгий-АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН ХҮЙТНИЙ ОРГИЛ – Өлгий – Улиастай – Тосонцэнгэл-Архангай-Хархорин-УБ.
Замын турш Монгол улсын түүх дурсгалт газрууд, уул нуруу, гол горхи, нуур гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд, хэдэн арван сум суурингаар дамжин өнгөрсөн нь үнэхээр сэтгэл татам, мардагдашгүй дурсамжийг үлдээжээ. Аялалын тэмдэглэлд илүү дэлгэрэнгүй дурьдагдах болно.
Эхний өдөр:
1. Спортын төв ордонд Банк хоорондын сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан бөгөөд Х.А.С ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар аялалын багийнхан болон бидний зорилгыг зарлан сэтгэл өндөр үдэж өглөө. Ордон дүүрэн банкныханд чангаар алга ташиж, баяр хүргэж, бид ч уулын оргилд аль хэдийн гарчихсан мэт өндөр сэтгэгдэлтэйгээр заалнаас гарцгаалаа.
2. Сүхбаатарын талбайг нар зөв тойрч, хотын төв цэг болон Чингис хааны хөшөөний урд биднийг гаргаж өгөхөөр ирсэн нөхөдтэй хамт зургаа татуулаад Сэтгэлд багтамгүй зорилгоо өвөрлөн, 14 хоногийн турш үргэлжлэх аялалдаа гарлаа...
3. 13:30д Эмээлтэнд биднийг гаргаж өгөхөөр банкны үдэлтийн багийхан /Тэрбаатар, Энхтүвшин, Одгэрэл, Бат-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ/ хүлээж байлаа. Хамтдаа 2007, 2008, 2009 оны уулын аялалын багийнхны сүлд дууг дуулцгаагаад цааш хөдөллөө.
4. 20:55-д Хархорин салбарын ажиллагсад биднийг Орхон голын эрэг дээр халуун хорхог, шинэхэн айрагтай угтан авлаа.... Биднийг ирж байгаа гээд 4 цагаас хойш хорхогоо бэлдэж хүлээсэн байсан... Сэтгэл гаргаж хийсэн хорхог, малчны хөхүүрнээс авчирч бэлдсэн айраг тун ч амттай байлаа.
5. Аян зам үргэлжилсээр шөнө 00:55-д Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хээр майхнаа барин хонолоо.
Зам зуурын онигоо:
“Хамгийн гэнэн цайлган, гэм нүгэл хийж байгаагүй хүн маш амархан унддаг” гэж нэгнийх нь ярьсаныг сонссон Сэнгүн ах сав л хийвэл унтаад байсан нь итгэмээргүй, бас хөгжилтэй ярианы сэдэв болж байлаа.
2010.07.05
1. Өглөөний 05:20-д Гантуягийн бүрээн дуунаар сэрцгээж, анхны хээрийн Цайгаа чанаж ууцгаагаад 6.30-д цааш хөдөллөө.
2. 7.30-д Архангай аймгийн Цэцэрлэгт хотод ирж өглөөний нам гүмд хоттой танилцлаа... Булган уулын энгэрт байдаг Сүмрүү явдаг өндөр шатаар уралдан гүйж Өглөөний бэлтгэлээ хийв. 8.45-д хөдөллөө.
3. 9.25-д Архангай салбарыхантай биднийг Цагаан даваан дээр гүйцэн ирж гаргаж өглөө... Архангайчууд биднийг мөн л халуун дулаанаар угтан, нутгийн айраг, алдартай сүүн хуруудаар дайлсан юм
4. 10.00-д Архангай аймгийн Их тамир суманд байдаг Чулуут нэртэй гуанзанд түр буудаллан бүгдээрээ замын цуйвангаа идэцгээлээ... 11.00-д хөдөлцгөөлөө
5. 14.20-д Хэдэн мянганы жилийн өмнө үүссэн Чулуутын хавцал, Ард түмний шүтлэгтэй 100 салаа модны дэргэд түр саатаж зургаа татуулаад 14.50-д хөдөлцгөөлөө
6. 16.06-д Тэрхийн цагаан нуурын дэргэдэх Суман голд буудаллаж, Хотоос гарахдаа л загасны шөл уулгана гэж амласан 2 загасчин(Баатраа, Гантуяа) маань дэгээгээ мөн ч их шидэж, бид ч хүлээсэн болов ч ногоон замагнаас өөр зүйл барьсангүй... Энэ удаад загасны бараа харсангүйдээ... L цаашаа хөдөлцгөөеөө!!!!
7. 20.18-д Цахирт суманд түр амасхийж, хоол идээд хөдөлцгөөлөө... Ахиад л цуйван.. гэхдээ порц нь арай л их юм... Чш тэгэж хэлж болдоггүй юм дараа ирхэд багасчихна...
8. 21.20-д Архангай, Завхан аймгийн хил болох Монгол Улсын хамгийн алдартай том давааны нэг Солонготын давааг дээр нар жаргахтай уралдан давлаа.
9. 23:50-д Завхан аймгийн Их уул сум өнгөрөөд, Отгонтэнгэр хайрханы ар талаас эх аван урсдаг Идэрийн голын эрэг дээр майхнаа татаж, хонолоо....
2010.07.06
Зарим нэг маань өглөө босоод хаанаа байгаагаа ойлгож, толгойных нь эргээ гарч байлаа. Ээлжит өглөөний бэлтгэлээ хийж хоноглосон газраасаа зам даган 2 км орчим уралдаж гүйцгээлээ ... хөдөлнөөний дасгал ч бас хийсэн. 6-д боссон боловч хамт яваа машин эвдэрсэн тул түүнийг засаж 8.40-д цааш хөдөлцгөөлөө.
1. 11:20-д Тосонцэнгэлийн тооцооны төвөөр дайрч найрсан зочломтгой салбарын хамт олноороо шарсан мах, сайхан айргаар дайлуулаад цааш хөдөлцгөөлөө
2. 15.50-д Загастайн даваагаар давлаа /Солонготын даваа – 2550 м өндөр, Загастайн даваа – 2489 м өндөр/
3. 16.09-д Улиастайд ирж мөн л банкны хамт олонтой уулзаж, өчигдөр Суман голоос загас барьж чадаагүй шарандаа Загасан нүд гэдэг зоогийн газарт шарсан цагаан загас идэцгээлээ. J 19.10-д Улиастайгаас хөдөллөө .
4. Улиастайгаас хөдөлсний дараа Донойн хөндийг туулаад Ховд аймагруу явах замд 20:45-д манай фургоны км-ийн заалт 100,000 м болж бид тэмдэглэхээр буудаллаа.. Гэтэл бидний зогссон газраас борооны их үүлний завсраар, уулсын дундуур ОТГОНТЭНГЭР хайрхан сүндэрлэн, дүүхэлзэн харагдаж бидний сэтгэлийг сэргээж, урмыг тэтгэсэн сайхан үйл явдал болсон юм.
5. 23.25-д Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Алдархаан хайрханы бэлд буудаллан хоноглоцгоолоо....
Зам зуурын онигоо : Лхагва маань Тосонцэнгэлийнхэний өгсөн шарсан махны даруулгыг хэтрүүлснээс шалтгаалан, бие нь тавгүйрхэж, Загастайн даваан дээр шувуу хооллоод амжлаа. Хооллосон шувуудын зарим нь нисэж чадахгүй унаж яваа харагдсан, чухам сайн үйлүү муу үйлүү бүү мэдээ. J
2010.07.07
1. 7.45-д цайлаад замдаа гарцгаалаа
2. 11.23-д Элсэн дундуур, элсний нүүдэл шиг урсдаг Завхан голын эрэг дээр түр зогсож, их халуунд халууцсан хүмүүс усруу үсрэн орцгоож, хүүхэд шиг л тоглоцгоож байлаа.
3. 13.30-д Дөргөний усан цахилгаан станцыг үзэхээр түр зогслоо... Дөргөний цахилгаан станц нь 40 ажилтантай, ойролцоох 4 сум, Ховд аймгийн төвийн цахилгаа хэрэглээний 80%-ийг хангадаг юм байна.
4. 14.20-д Дөргөнд сумаар дайрч хооллоод, 16.10-д хөдөллөө.
5. 18.40-д Ховд аймгийн Жаргалант сум, Улаан богочийн рашааны дэргэц саатаж, рашаан ууцгаагаад цааш хөдөллөө.
6. 19.10-д Ховд дахь салбартай танилцлаа, сайхан тохижилттой салбар байсан. Ховдод уусан банштай цайгаа хүн бүрийн хөлсийг бурзайлгасан, амттай цай байсан. Бид Өлгий хотруу 20.40-д хөдөлцгөөлөө.
7. 01.06-д Баян-Өлгий аймгийн мөнх цаст Цамбагарав хайрханы хормойд хоноглоцгоолоо.
Зам зуурын онигоо : Завханаас Ховдруу явж байх замд хэдэн тэмээ зам дээр тааралдсан. Машин ойртож ирэхэд цааш эргэн тавхиж буй тэмээнүүдийг харсан Лхагваа: “Пөөх, энэ тэмээнүүд чинь ёстой алцайгаад явж өгдөг гарууд байна ш тээ” гэж онигооны тоогоо нэгээр нэмлээ.
2010.07.08
Өндөр уулын бэлд хоносон болоод тэрүү шөнөжин хүчтэй шуурч хонолоо. Өглөө 5:30-д сэрж, 6.08-д хөдөлцгөөлөө.
1. Нутгийн цагаар 8.48-д Баян-Өлгий аймагт ирцгээлээ. Өлгий салбартай танилцаад, хооллож ундлаад, зах орж хэрэгтэй хүнсээ аваад 14.30-д хөдөлцгөөлөө... Салбарын хамт олныхоо сэтгэл гарган бэлдэж өгсөн жимс, замын хүнс үнэхээр амттай байсан шүү...
2. 18.01-д Баян- Өлгий аймгийн Улаанхус суманд түр буудаллаад хөдөллөө. Хуучны төмөр завь харсан чинь Хүний сайхан сэтгэл гээд Монгол кино санаанд орсон шүү. Хэрвээ тэр завь яридаг бол түүх өгүүлэх байсан байхдаа...
3. 19.26-д Нэрийг нь мэдэхгүй нэг даваагаар давсан бөгөөд 2829-м өндөр байсны дээр 2775м-рт нь айлууд амьдарч, хүүхдүүд нь нүцгэн гүйлдэж байсан нь биднийг шоконд оруулж байлаа.
4. 21.37-д Улаанхус сумаас Алтай 5 богд хүрэх замд тал газраар явж байгаад, гэнэт доош уруудаж том том үхэр чулуутай уулруу буусан. Машин явахад бэрх тул бүгд машинаас бууж хэсэг замыг явганаар туулсны эцэст гол ус, цэцэгт талтай нэгэн сайхан хөндийд ирсэн. Энэ бүхэн үлгэрийн юм шиг л санагдаж байлаа. Цааш явахад уулс нь ханхайгаад нэг л сүрдмээр... замын налуу 45 градус хүрсэн байхаа бүгд бууж машины хаалганаас дүүжлэгдэн байж гарсан бөгөөд буудаллах газраа хүртлээ Жолоочийн “баруун”, “зүүн” гэсэн командаа машин дотороо бүгд нэгэн зэрэг ханарсан байдалтай л явж, нилээд ядарцгаасан. Буудаллах газраа ирээд майхнаа барин Гантуяагийнхаа гарын хоолыг идэцгээгээд унтаж амарцгаалаа... маргааш төсөөлөхийн аргагүй том зорилго биднийг хүлээж байгаа ...
/Биднийг дуг нойрондоо дугжирч, дулаан хөнжилдөө унтаж байх зуур хамт явсан машин маань хойно үлдээд тэр хэцүү налуу нарийн замд унаж осолдсон байлаа... өөр газар хонож магадгүй гэж хэлсэн байсан тул бид санаа зоволгүй амарцгаасан хэрэг. Азаар нэг ч хүн бэртэж гэмтээгүй, машин нь ч эвдрээгүй байлаа/
Жуулчид ихтэй зам хаасан байсан тул бид явах маршрутаа сольж дээрхи замыг сонгон явсан бөгөөд шинэ зам хүн их явдаггүй болоод ч тэрүү сонирхолтой бас хүнд байсан... багийнхнийхаа ачаар замын бэрхийг ажралгүй туулсан шүү.
Зам зуурын онигоо : Цамбагарав хайрханы энгэрт хоноод өглөөний хүйтнээс сүрдсэн бид Ер нь хэр дулаан хувцастай яваагаа ярьж эхэлсэн. Яриан дундуур Номин: “Нөхдөө, Казакуудын тоглоод байдаг бор шувуу чинь юу билээ? Болжмор бил үү?” гэхэд, бид сандран: “Хүүе Бүргэд ш дээ” гэсэн чинь. Аан тий, Өлгийгөөс Бүргэдийн өндөн куртик олж өмсөнөө...гэж онигоог нэмлээ.
2010.07.09
1. Өглөө босоод ундалж цайлаад чухал хэрэгцээтэй зүйлсээ аваад хэрэглэхгүй гэсэн зүйлсээ машинд орхиод 12.20-д Явганаар хийх аялал эхлүүллээ.
2. 15.16-д Нутгийн малчин, Мандаа гуайнд буудалцгаалаа. Эргээд ирэхдээ илүү сайн танилцнаа гээд аялалаа цааш үргэлжлүүллээ.
3. 19.00-д Потанийн мөсөн голын наахна, морионы захад, далайн түвшинээс дээш 3084м өндөрт base camp-ээ байгууллаа.
Өнөөдөр нийт 12 км газар явган алхлаа Зам зуур байгалийн сайхныг бишэрч, бас замын хүндийг мэдэрч л явлаа.... цэвдэгтэй хөрстэйн дээр гол горхи элбэгтэй, цэцэг ногоо сайхан нүд баясгалан сайхан байгаль биднийг замын турш баярлуулсангүйээ, намаг шалбаагаараа бас норгоод авсан, норсон гутал холгосон хөл, татсан шөрмөс, ядарсан мөр, хүнд ачаа гээд л.... уулс мөнх цасаараа сүрдүүлэн өндөрт сүндэрлээд л... бидний оргил манан дунд үл харагдан өөрийгөө нууцлан сүндэрлэсээр зүрхний гүнд нууцад улам сонирхол төрүүлж, сэтгэл татна.
2010.07.10
Өглөө босоод ачаа тээшээ ахин цэгцлээд Аялалын гол зорилгоо биелүүлэхээр цааш хөдөллөө... өнөөдөр бид мөсөн голыг гатлана. 09.00-д эхэлсэн бидний аялал 11.30-д мөсөн голийн эрэгт хүрлээ. Бүгд кошкоо гуталдаа бэхлээд цааш хөдөллөө. Эхний олсонд эхлээд Завханы уулчин Манлай, араас нь 33-р салбарын Бат-Эрдэнэ, түүний хойноос 05-р тооцооны төвийн Б.Номин, ард нь бүгдийг хамгаалж Мөнх-Оргил нар явсан. Тэдний араас 3 олсонд хуваагдан бүгд хөдөллөө. Мөсөн гол цасан шуурга, ангал, намуухан хэрнээ, бас гэнэтийн аюулаараа биднийг замын турш тэсвэр хатуужилд сургаж байлаа. Ангалыг тойрох гэж зам гаргаж буй мэргэжилийн уулчныг замыг шалгаж байх зуур зогсож хүлээхдээ бээрч байсан шүү. Мөсөн голоор явах замд зам хагалж явсан Манлай мөсөн ангал уруу бие далд ортол унасан нь бидэнд уулан дах эрсдлийг маш хүчтэй мэдрүүлсэн. Хооронд бэхэлсэн олсны уртаар бие биенээсээ зайтай явах, өмнөх хүн ангалд унавал дараагийн хүн байрандаа зогсон түгжин, түүний арын хүмүүс очин унасан хүнийг татан гаргах хэрэгтэй гээд л уулын спортын анхны хичээлүүдийг замдаа сурч мэдэрч явсаар 2-дох кеймп байгуулах газраа ирцгээлээ... “Хоног толгой” гэж нэрлэглсэн уулын бэлд бид цасан дээр майхнаа барилаа... манай майхан зуных байсан бөгөөд гадаа хажуугийн майхан харагдахаа больтол цасаар шуурч харин манай майханд цас зөөлнөөр бударч байлаа.. бид норсон оймс гутлаа тайлцгаад хооллоод унтахаар хэвтлээ. Даарч байхдаа ч шинэ нээлт хийж бид Хүйтний коктейлийг зохион найруулж уулаа.. янзтай амттай шүү. Та бүхэн сонирховол биднээс асуугаарай.
2010.07.11
Хотод халуун нар шарж, хүмүүс наадмын хуушуураар гэдсээ цатгаж, эрийн 3 наадмаар сэтгэлээ баясгаж явахад харин Алтай таван богд уулын ноён оргилоос 500 орчим метр орчимын доор хэдэн нөхөд хөлдсөн гутал, норсон хөнжил, таван алхамын цаадах харагдахгүй цасан шуурган дунд сэрлээ... Хаашаа ч харсан цэлийсэн цагаан... хүйтэн бас шуургатай хэдий ч Бидний зорилгодоо хүрэх хүсэл, эрмэлзлэлийг өчүүхэн ч атугай дарах бус харин ч улам урам зориг бадрааж байлаа... Харин нүүр нүдгүй шуурах энэ цаснаар оргилруу гарч чадахгүй? хүлээх үү? Болих уу? гэх яриа мэргэжилийн уулчдын дунд яригдаж байгааг сонсоод бидний зорилгыг тасалдуулахвий гэсэн нууцхан айдаст авахуулж байлаа. Өглөө 6:00 цаг боссон бид 3 цаг хүлээсэний эцэст азаар агаарын даралт нааштайгаар өөрчлөгдөж, салхины эрч суларлаа... Бидний нүдэн гэрэл бадарч, бид оргил өөд гарахаар олсондоо орон 8.50-д хамгийн гол дайралтаа хийж эхэллээ. 3 баг болж олсонд орж явсан бөгөөд Манлай, Баярням, Өсөхбаяр нар олсны эхэнд явсан. Замд шуурга ширүүсч 14-16м/с хүрч өмнөх зам харагдахгүй болсон тул түр зогсон шуурга намдахыг дахин хүлээлээ.
Харин шуурга бидэнд боломж олгон түр намдаж бид замаа олоод цааш явлаа.
Бид оргилоо хаана байгаа баримжаагаа авч, зөв чиглэлдээ орж 4000 орчим метрийн өндөр гарсан байсан бөгөөд салхины хүч улам ширүүсч, байдал нилээд хүндхэн болж эхэлсэн. Энэ үед зам нийлсэн хэсэг хүмүүс буцахаар болж, замаасаа буцах өөр хүн байгаа эсэхийг тодрууллаа... энэ хүрчихээд ухрана гэж үү? Үгүй шүү! Урагшаа манайхаан !!!! Зарим нь мөлхөөд ч хамаагүй гарна гэх нь сонсогдож байлаа.
Оргилд хүрхэд нилээн дөхлөө... битүү салхи, манан түр засварлаж, үүлэн завсараар бид эргэн тойрноо харах боломж бүрдлээ. Яг л бидэнд нууцаа дэлгэж байх шиг .... хөөх ямар өндөрт гарчихаа вэ? Уулсын дээгүүр бид алхалж явна. 4100 метрийн өндөртэй малчин оргил тэээээр доор. Бидний майхан цасан дээр цэг шиг л харагдаж байлаа...Зам нилээн эгц болоход зам гаргаж явсан Манлай ах эхлээд өндөрт гарч гадас зоож олс унжууллаа, бид карбиндаа олсыг давхар зүүж дээр гарсан. Оргилруу дөхөх тусам уулын налуу улам л эгц болж байлаа.
УРАА!!! УРАА!!! УРАА!!!
Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын өдөр буюу 7 дугаар сарын 11-ны өдрийн 14.25-д манай багийхан Монгол Улсын хамгийн өндөр цэг Алтай Таван Богд Уулын ХҮЙТЭН оргилд гарч Эх орныхоо алтан соёмбот далбаа, ХасБанкныхаа, Х.А.С Холбоо ТББ-ийнхаа туг мандуулж чадлаа!
Яг энэ мөчид төрж буй сэтгэгдэл, тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Үнэхээр сайхан, үнэхээр гайхалтай, үнэхээр бахархалтай. Бид өөрсдийгөө ялан дийлж чадлаа... Зарим нэг нь баярын нулимс дуслуулж, зарим нь бүжиглэж, зарим нь гэр бүл хайртай нэгэнтэйгээ баяраа хуваалцаад л . ... оргил дээр хүн бүрийн сэтгэл хөдөлж, хүн бүр аз жаргалаар бялхаж, амжилтаараа бахархаж байлаа.
Хэдийгээр цасаар шуурч эргэн тойрноо сайн харж чадаагүй хэдий ч нууцад нэвтэрч чадсандаа би хувьдаа их баярлаж, бахархаж, бас бахдаж байсаан.
Монголын Уулчдын үндэсний холбооний гүйцэтгэх захирал Бат-Оронго 62 настай гэхэд түүртэх юмгүй оргилоос цанаар гулгасан нь Монголын түүхэнд Монгол хүн анхны удаа Хүйтний оргилоос цанаар гулгасан тохиолдол болсон.
Биднийг оргилоос буух үед Алтай Таван Богд хайрхан бидний баярыг хуваалцан шагнав уу гэлтэй тэнгэр сайхан цэлмэж эргэн тойрноо хүссэнээр харж, зураг авах боломжийг олголоо. Зорилгоо биелүүлсэн бид 2-дох camp дээрээ эргэн ирэхэд замаас буцсан багийхан биднийг халуун цайтай угтсан мартагдахын аргагүй сайхан байсан. Бид майхнаа хураагаад base camp- рүүгээ хөдөллөө.
Мөсөн гол, ангалууд, мөсөн гол түрэгдэн тогтсон үхэр чулуунууд, горхинууп, өнгө өнгийн цэцгүүд гээд л үзэсгэлэнт байгаль дундуур алхалсаар 23 цагт бид кемпдээ ирлээ. Бэлэн гоймондоцгоогоод шууд л тас тас.
Буцах зам очих замаасаа холдчихсон юм шиг... замын уртыг яанаа.... энэ урт замд л манай Лхагва горхины тухай онигоогоор түүхээ чимээд л үнэхээр ганзага дүүрэн аялал болж байнадаа... Манайхан ядарсан хэдий ч зам зуур амсхийх зуураа л дараагийн оргил хаана байх талаар ам булаалдан яриа дэлгэж байлаа.. эрчүүдээ гэж.
2010.07.12
8.00 цагт сэрцгээлээ. Сайхан амарлаа гээд босоод л бие биенээ хараад бөөн инээдэм... нүүр нар салхинд түлэгдээд, нэгхэн шөнийн дотор танихгүй хүмүүстэй явж байгаа юм шиг өөр цариатай болсон байлаа...
11.33-д аялалын хаалт хийж Монгол Уулчдын үндэсний холбооний гүйцэтгэх захирал Бат-Оронго аялалын онцлох үйл явдалуудыг дурьдан, замын хүнд, аюултай байсныг өмнө нь ийм хүнд нөхцөлд ХҮЙТЭН оргилд авиралт хийж байгаагүйг цохон хэлж, ийм нөхцөлд оргил өөд ухралгүй гарсан бидэнд баяр хүргэж, оргилд гарсныг батлах Сертификатыг гардуулан өгсөн нь өмнөх өдрийн баяр бахдалыг ахин дахин сануулсан сайхан үйл явдал болж фото зургийн хальснаа төдийгүй, телевизийн нэвтрүүлэг болон түүх болж үлдвээ...
Энэ үер Монгол Улсыг төлөөлж, Ази тивийн уулын спортын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлсэн Баян-Өлгий аймгийн уулчин н.Агваанд “ОУ-ийн хэмжээний мастер” хэмээх эрхэм алдрыг хүртэснийг дуулгаж тэмдэгийг нь гардуулан өглөө. Олон баяр давхцан сайхан өдөр ингэж эхэллээ...
Майхнаа хураан машинруугаа бид алхлаа .....
Үд гэхэд бид Мандаа гуайн(Тува айл)-д дахин зочилж, хооллож ундлаад, нутгийн сонин сайхан сонсож амраад бүрэнхий болж байхад хөдөллөө.
Харангуй ч нөмөрлөө, бид яваад л... яваад л.... ийм хол байсан билүү манайхаан?
22.30-д бид буудалласан газраа ирлээ. Бүхий л аялалын турших анхны бөгөөд эцсийн удаа монгол гэрт ёстой нэг тухтай хоноглолоо ...
Алтай Таван Богд уулын бэлд ирсэнээс эхлэн буцаад буух хүртэл бидний цаг мөч бүр бидний хувьд, хувь хүний хувьд анхдагч байлаа. Тухайлбал:
Анх удаа Алтай 5 богд уулыг үзлээ
Анх удаа сүү шиг цагаанаар урсдаг гол үзлээ
Анх удаа 2800 метрийн өндөрд амьдарч байгаа айл үзлээ
Анх удаа мөсөн гол дээр явж үзлээ
Анх удаа мөсөн ангалруу унаж үзлээ
Анх удаа мөсөн гол дээр хонож үзлээ
Анх удаа Хүйтэний оргил дээр гарч үзлээ
Анх удаа өөрийгөө танихын аргагүй нүүрээ түлж үзлээ
Анх удаа ингэтлээ ядарч үзлээ
Анх удаа ийм хүнд хүчрийг давж, өөрийгөө ялж чадлаа...
2010.07.13
9.00-д босоод хооллож ундлаад Баян-Өлгийрүү хөдөллөө...
16.00-д Улаан ус сумаас баруун тийш 40км зайтай газар машин эвдэрч зогслоо. 2 цаг гаран үзсэний эцэст гэмтлийг тогтоож хамт явсан машин Оюун-Эрдэнэ, жолооч Канат – суун сэлбэг авч ирэхээр явлаа.
Удахгүй ирнэж машиндаа суусаар... шөнийн 3 цагт жолооч 2 хүнтэйгээ, хүнс, сэлбэгтэйгээ ирлээ. Бид авчирсан хүнсийг амаа ололгүй идэцгээж, майхнаа засан хоноглолоо .
2010.07.14
9.00-д бослоо. Жолооч маань машинаа засчихсан, хооллож ундлаад 9.55-д хөдөлцгөөлөө.
12.30-д Баян-Өлгийд ирлээ.... усанд орж, замын тоосноосоо салцгаасныхаа дараа салбарынхантайгаа уулзлаа. Цагаан цагаан цариатай сайхан залуучууд явсандаа, Хүний алаг үрийг яагаад хаячих нь энэ вэ гээд л биднийг шоолсон, гайхсан хүмүүс угтсаан хэхэхэ
Бид салбарын тугийг захиралд нь гардуулаалаа... салбарын теллерийн хурим энэ өдөр болж байсан бөгөөд казак үндэсний хуримд оролцох хувь тохиосон нь аялалыг маань улам л баялаг болголоо.
Хуримын дараагаар Баян-Өлгий салбарын захирал бидэнд шөнийн Баян-Өлгийг харууллаа.... гэрэлд хотын зохион байгуулалт илүү тод сайхан харагддаг юм билээ.
Салбарын харилцагчийн мэргэжилтэн Серёжа биднийг гэртээ хонуулж өглөөний цагаар дайлсан юм.
Салбарынхан маань аялалын багийхандаа сэтгэлийн бэлэг болгож казак үндэсний малгай, цүнхийг бидэнд бэлэглэсэн. Баярлалаа.
2010.07.15
8.30-д босоод замдаа гарцгаалаа.
Ирэх замд Хүйтэн оргил бидний зорилго байсан бол буцах замд “Гоо сайхнаа аврах” нь бидний нэгэн зорилго боллоо... бүгдийнх нь нүүр түлэгдсэн дээр нь уруул дээр нь хомхой гарчихсан байдаг.
12.45-д Ачит нуур хүрлээ
20.00-д Хяргас Айраг нуурыг холбосон хоолойд хүрч Айраг нуурын эрэг дээр майхнаа барин хонолоо. Орой нь замын сонин сайхан төрсөн сэтгэгдлээ хуваалцан галын дэргэд, яриа дэлгэцгээж суулаа.
2010.07.16
Загасны шөл уугаарай гэх дуун зүүд үргээн нойр сэргээж ахин нэг шинэ өдөр эхэллээ. Манай 2 загасчин Баатарболд , Гантуяа маань нийтдээ 4 загас барьж Сэнгүү ах гараа гаргаж загасны шөл хийж, 2-ийг нь нурманд булж бэлтгэсэн загасыг амтархан идэцгээлээ. Харин үлдсэн нэгийг нь давсалж утаад замдаа авч явлаа... Айраг нууранд сэлж амарцгаагаад 10.50-д хөдөллөө... үнэхээр уруулын минь шарх хатаж эдгэрч эхэлсэн шүү.
12.22-д машин маань өмнөх шигээ эвдэрч Увс аймгийн завхан сум, Айраг нуурийн хөвөөнд зогслоо.
18.45-д машинаа засаад цааш хөдөллөө. Замд машины ус халаад хэд хэдэн удаа урт хугацаатай түр зогсолт хийж явсаар 23.38-д Ургамал суманд ирлээ. Энэ сумаас бидэнд хоол олдоогүй болохоор замд хэрэглэх усаа авцгаагаад цааш хөдөллөө
Цааш хөдлөөд удалгүй Бор давс гэдэг газар машин эвдэрч ахин зогслоо... майхнаа барьцгаа манайхаан!
2010.07.17
Өглөө үлдсэн бүх хүнсээ холиод хоол хийж, нэг загасаа булж идлээ. Халуун гэж жигтэйхэн... бүгд фургоныхоо доорхи сүүдэрт хоргодоод... бидний холоос хүн харвал ямар олон засварчин бэ гэж бодохоор....
15.25-д цагаан далавчтай салбарын машин хоол хүнс авч ирэн машиныг янзлаад 16.30-д хөдөллөө...
18.30-д Улиастайд ирлээ. Хооллож ундалсны дараа фургоноо солихоор болсон тул ачаагаа нөгөө фургондоо шилжүүлж хийлээ. Жолооч гэртээ харьж юмаа бэлдхээр явсан тул жолоочийг бэлэн болтол бид Салбарын хамт олонтойгоо нутгийн сонин сайхан, банкныхаа хөгжилтэй яриа, замын сонин ярилцан, Улиастай хотын төвд байгуулсан сайхан цэцэрлэгт суун хөөрөлдлөө.
23.16-д бид Улиастайгаас гарч явлаа. Дөнгөж гарч явтал бидний замд гэрэлд гэнэт чоно гарч ирсэн. Хийморьтой амьтан гэж Монгол хүн бүр бэлэгшээдэг энэ амьтан бидний замын дурсамжинд чимэг нэмсээн.
2010.07.18
Нэг ч зогсолгүй шөнөжин явж өглөөний 07.09-д Солонготын даваагаар давж Завхан аймгаас гарлаа. Замын чилээгээ гаргаж түр зогсоод цааш хөдөллөө.
10.30-д Архангай аймгийн Өндөр Улаан сумын Чулуут бригадад ирж хооллоод цаашаа замдаа...
15.12-д Цэцэрлэг суманд ирж ус ундаагаа базаалаа. Салбарын захирал биднийг нутгийн аруул, айргаар дайлаад замд маань үдлээ.
19.00-д Хархоринд ирлээ. Хооллож ундлаад 20.25-д хөдөллөө.
Замдаа аялалын талаарх сэтгэглдлээ хоорондоо хуваалцсаар шөнийн 2.30-д Улсын маань Нийслэл Улаанбаатар хотдоо бид ирлээ.
Энэхүү сайхан аялалыг зохион байгуулсан ХасБанк, Х.А.С Холбоо ТББ-ын удирдлагууддаа аялалд оролцсон багийн нийт гишүүд чинь сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Мөн аялалын замд биднийг найрсагаар угтан авч, амттай идээ ундаагаар дайлсан Хархорин, Архангай, Тосонцэнгэл, Завхан, Ховд, Баян-Өлгий салбарын хамт олондоо маш их баярлалаа. ХасБанк гэдэг том гэр бүлийн нэг гишүүн гэдэгээрээ бид алхам бүртээ бахархаж байсан шүү.
Биднийг тэр өндөр оргилд гарахад тусалсан Монголын Уулчдын Үндэсний холбооны уулчид, тэр дундаа хөтөч Баярням, Сэнгүн нарт баярлаж байна.
Дараа жилийн Оргил ч мөн ч өндөр байна даа...
“Алтай таван богд - Хүйтний оргил 4374 – Манлайлагчид 2010” аялалын багийн гишүүд
2010 оны 7-р сар
Exotic adventure!
ReplyDeleteChallenging. Congratulation!
ReplyDeletewoow so proud of you guys..
ReplyDeleteyou are indeed a courageous and auspicious man! only few dare do this..
ReplyDelete