
Аав нь хүүдээ хогоо зориулалтын саванд хаяж сур, хүмүүс энийг чинь цэвэрлэдэг юм, Хоггүй эрүүл орчинд амьдрах сайхан гэх мэтийн зөвлөгөө өгвөл аавын үг ууг нь хүчтэй юм сан. Тэр хүүхэд дахиж хог хаяхгүйг хичээхээс гадна найз нөхөддөө манай аав тэгж захисан гэж үлгэр дууриал болно. Энэ мэтээр өөрчлөлт бидэнд ирэх юм шиг.
Та бүхнийг энэ аянд дуртай дургүй ч оролцож голын эрэг дээр, ажлын чинь гадаа хэнбугай нь ч бай гэсэн хог хаях тохиолдол бүрт тухайн хүнд шаардлага тавих зориг гаргахыг хүсэж байна.
Амьдралд харамсмаар явдал бидний нүдэнд их харагдаж байна. Бяцхан хүүхдийн тоглож байгаа газар тоох ч үгүй архи, пивоны шил хагалах, миний гэр, машин л хоггүй бол болоо гэсэн шиг гэр болон машиныхаа цонхоор хогоо хаях, үр хүүхэд нь чихрийн цаасаа хаана хаяхаа мэдэхгүй асуухад “Газар хая” хэмээн зөвлөх, хэр мэргэнээ шалгах гэсэн адил тамхины ишээ хогны савны гадуур шидлэх. Бидэнд байнга харагддаг энэхүү жижигхэн алдаануудыг засаад үзье.
"Бид гамгүй эдэлсэн бүх зүйлстээ эргэж өндөр төлбөр төлнө" гэсэн бичлэг Ганзориг өмнө нь бичиж байсантай адил би уншдаг биш, хэрэглэдэг Блог бичлэг бичмээр санагдлаа.